Төгсөгчдийн холбоог үүсгэн байгуулах
2023.04.29-ний өдрийн хурлаар хэлэлцэн батлав.
НИЙГЭМ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛИЙН
ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
- Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн /цаашид НССДС гэнэ/ Төгсөгчдийн холбооны Эрхэм зорилго нь “НССДС-ийн үе үеийн төгсөгчдийн байнгын хамтын ажиллагааг хөгжүүлэх, төгсөгчдийн мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эрх ашиг сонирхолыг нь хамгаалах, төгсөгчдийн дотно нөхөрсөг, ажил хэрэгч хэлхээ холбоог үүсгэн бэхжүүлэх үндсэн дээр гишүүдийн идэвх санаачилгыг өрнүүлж сургууль, нийгмийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулах” явдал болно.
- Төгсөгчдийн холбоо нь төгсөгчдийг сургуультай, сургуулийг төгсөгчтэй нь холбох, гишүүддээ үнэ цэнэтэй үйлчилгээ үзүүлэх, сургуулийн сургалт, судалгаа, үйлчилгээний зорилт, хөгжлийг дэмжих, сайн дурын үүсгэл санаачлагын, хамтын удирдлагын, хуулийн этгээдийн эрхгүй олон нийтийн байгууллага мөн.
- НССДС-ийн үе үеийн төгсөгчид тус холбооны гишүүн байна.
- Төгсөгчдийн холбоо нь үйл ажиллагаагаа явуулахдаа холбогдох хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгох бөгөөд үйл ажиллагаа нь ил тод, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь гишүүдэд нээлттэй байна.
- Төгсөгчдийн холбоо нь төгсөгчдийн дэлгэрэнгүй бүртгэл бүхий нэгдсэн мэдээллийн сантай байна.
Хоёр. Үйл ажиллагааны чиглэл
- Төгсөгчдийн холбоо нь зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:
2.1.1.Төгсөгчдийн нөхөрлөл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх;
2.1.2.Сургуультайгаа ажил хэргийн байнгын холбоотой байж оюутны элсэлт, мэргэжил дээшлүүлэх богино сургалт зэрэгт хамтран ажиллах;
2.1.3.Сургуулийнхаа оюутнуудын сурлага, авьяас хөдөлмөрийг нь дэмжих, хамтран ажиллах;
2.1.4.Сургуулиа хөгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, гадаад харилцаа, түншлэлийг өргөжүүлэхэд төгсөгчдийн нөөц бололцоог дайчлан ажиллах;
2.1.5.Төгсөгчдийн мэргэжил боловсролыг дээшлүүлэх, тэдний дунд соёл, спортын болон бусад төвлөрсөн арга хэмжээ тогтмол зохион байгуулах;
2.1.6.Мэргэжлийн хөтөлбөр болон сургуулийн хөгжлийн талаар төгсөгчдөөс гарсан санал, хүсэлтийг нэгтгэх, сургуулийн удирдлагад уламжлах, хамтран ажиллах;
2.1.7.Төгсөгчдийг жил бүр шинэчлэн бүртгэж, төгсөгчдийн мэдээллийн санг бүрдүүлэн, байнгын холбоо харилцаатай ажиллах;
2.1.8.Бусад.
Гурав. Гишүүнчлэл
- НССДС-ийн үе үеийн төгсөгч тус холбооны гишүүн бөгөөд гишүүн нь холбооноос зохион байгуулж буй бүх төрлийн арга хэмжээнд оролцох, холбооны Удирдах зөвлөлийг байгуулах, холбооны Ерөнхийлөгч болон Тэргүүлэгч гишүүнээр сонгогдох эрхтэй.
- Гишүүдэд нь холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд нь биечлэн, идэвхтэй оролцох эрх нээлттэй байна.
- Гишүүн нь Удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, Бүх гишүүдийн хурлаас тогтоосон зохих хэмжээний хандивыг тухай бүр өгөх, холбооноос явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.
- Холбооны шинэ гишүүн “НССДС-ийг төгсөгч би мэргэжлийнхээ ёс зүйг чанд сахин, сургуулийнхаа болон мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж, сургууль болон төгсөгчдийн холбоотойгоо нягт хамтран ажиллахаа андгайлж байна” хэмээн тангараглана.
Дөрөв. Төгсөгчдийн холбооны бүтэц, зохион байгуулалт, удирдлага
- Төгсөгчдийн холбооны удирдах дээд байгууллага нь Бүх гишүүдийн Төлөөлөгчдийн хурал байна.
- Бүх гишүүдийн Төлөөлөгчдийн хурал 2 жил тутам болох бөгөөд Удирдах зөвлөлийн санаачилгаар ээлжит бус хурал зарлан хуралдуулж болно.
- Бүх гишүүдийн Төлөөлөгчдийн хуралд 60-аас дээш гишүүн оролцсон тохиолдолд хурал хүчинтэйд тооцогдох бөгөөд хурлаас гарах шийдвэр нь хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхийн санал авсан тохиолдолд хүчинтэйд тооцогдоно.
- Гишүүн нь Бүх гишүүдийн хурлын шийдвэрт нэг саналын эрхтэй байна.
- Бүх гишүүдийн Төлөөлөгчдийн хурал нь дор дурдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй байна. Үүнд:
- Холбооны дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн батлах;
- Холбооны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн Тэргүүлэгч гишүүнийг 2 жилийн хугацаатайгаар шинээр болон дахин сонгож батлах;
- Гишүүдийн жилийн татварын хэмжээг тогтоох;
- Холбооны үйл ажиллагааны тайлан, санхүүжилт болон цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх.
- Бүх гишүүдийн Төлөөлөгчдийн хурлаас тогтоол, удирдамж, уриалга гаргана.
- Төгсөгчдийн холбооны өдөр тутмын үйл ажиллагааг Бүх гишүүдийн Төлөөлөгчдийн хурлаас сонгогдсон 15-20 Тэргүүлэгч гишүүдээс бүрдсэн Удирдах зөвлөлхэрэгжүүлнэ.
- Төгсөгчдийн холбооны тэргүүнээр холбооны Ерөнхийлөгч ажиллах бөгөөд холбоог гадаад,дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлийн хурлыг даргалах, Тэргүүлэгч гишүүдийг удирдлагаар хангах, Удирдах зөвлөлөөс олгосон эрх, хэм хэмжээний хүрээнд өмч хөрөнгийг захиран зарцуулах зэрэг эрхтэй байх бөгөөд холбооны үйл ажиллагааг ерөнхийд нь удирдана.
- Төгсөгчдийн холбооны дэд тэргүүн буюу дэд Ерөнхийлөгчийг Удирдах зөвлөлийн хурлаас сонгох ба холбоо нь хоёр дэд Ерөнхийлөгчтэй байна.
- Удирдах зөвлөлийн хуралд тэргүүлэгчдийн 50-аас дээш хувь нь ирснээр хүчинтэйд тооцогдох бөгөөд асуудлыг хуралд оролцсон тэргүүлэгч гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.
- Удирдах зөвлөл жилд 3-аас доошгүй удаа хуралдах бөгөөд дор дурдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрх, үүрэгтэй. Үүнд:
- Холбооны дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах;
- Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам, дэгийг боловсруулан батлах;
- Холбооны жилийн ажлын төлөвлөгөө, төсвийг боловсруулан батлах, хэрэгжилтийн тайланг гаргах;
- Холбооны үйл ажиллагааны санхүүжилтыг бүрдүүлэх, гишүүдийн татварыг цуглуулах, төсвийг зохистой хуваарилах, захиран зарцуулах;
- Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах, нөхөн сонгох зайлшгүй шаардлага гарвал хурлаар хэлэлцэн Тэргүүлэгчид нэр дэвшүүлж сонгох, дараа нь Бүх гишүүдийн Төлөөлөгчдийн хурлаар баталгаажуулах;
- Төгсөгчдийн холбоонд гишүүн элсүүлэх асуудлыг шийдвэрлэх, мэдээллийг санг бүрдүүлэх;
- Холбооны гишүүдийг төр, засгийн болон бусад шагналд тодорхойлох;
- Холбооны гишүүдийн өргөдлийг хүлээн авч хянан шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах;
- Тэргүүлэгч гишүүн тус бүрийн эрхлэх ажил үүргийн хуваарийг гаргах, батлах;
- Бусад.
- Холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй байгууллага, хувь хүнийг холбооны Хүндэт гишүүнээр элсүүлэн авахыг Удирдах зөвлөлийн хурлаас шийдвэрлэнэ.
Тав. Холбооны санхүүжилт, зарцуулалт
- Холбооны орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
- Гишүүний татвар, хандив;
- Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;
- Үйл ажиллагааны орлого;
- Сургуулиас үзүүлэх дэмжлэг.
- Холбооны орлогыг зөвхөн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
- Холбооны хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
Зургаа. Холбооны гишүүнийг шагнаж, урамшуулах
- Гишүүний үүргээ хариуцлагатай сайн биелүүлдэг гишүүдийг дараах хэлбэрээр шагнаж урамшуулна. Үүнд:
- НССДС-ийн мэргэжил дээшлүүлэх сургалтын зардлын 50 хувийг хөнгөлөх;
- НССДС-д гэр бүл, үр хүүхэд, ойр дотны хүн нь элсэн суралцах бол сургалтын төлбөрийг 30 хүртэл хувь хөнгөлөх; /сургуульд санал гаргана/
- Төр, засгийн болон бусад шагналд тодорхойлох;
- Сургуулиас зохион байгуулж буй арга хэмжээнд урилгаар оролцуулах;
- Сургуулийн вебсайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр алдаршуулах.
- Сургуультай хамтран мэргэжлийн болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлын амжилтаар шилдэг төгсөгчдийг дараах номинаци бүрт нэр дэвшүүлэн 1-2 жил тутам шалгаруулан алдаршуулна. Үүнд:
“Мэргэжлээрээ манлайлагч төгсөгч”;
“Нийгмийн хариуцлагатай төгсөгч”;
“Сургуулийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төгсөгч”;
Сургуулиа “Онц төгсөгч”.
Долоо. Бусад зүйл
7.1.Төгсөгчдийн холбоо нь үйл ажиллагааны тайлангаа жил бүр сургуулийн захиргаанд хүргүүлж дүгнүүлнэ.
7.2.Энэхүү дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд дүрмийн салшгүй хэсэг байна.
Улаанбаатар хот.
2023.04.29.