ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
- Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль нь 40 хүний суудалтай нэг уншлагын танхим, 3955 нэр төрлийн 7000 гаруй номын фонд бүхий данстай. Мөн оюутан багш нар судалгааны бүтээлийг биетээр болон цахим хэлбэрээр унших боломжтой.
- Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон 21 аймагт байрлах ерөнхий боловсролын сургуулиуд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, аймгийн төвийн нийтийн номын сангууд зэрэг нийт 250 гаруй байгууллагын номын сангуудад ашигладаг Lib4u номын сангийн программ, электрон каталогийн хэрэглээндээ нэвтрүүлсэн.
- lib4u.net электор каталог ашиглаж сургуулийн номын санд байгаа номыг хайх, биетээр байгаа эсэхийг шалгах, шинэ номын мэдээллийг тогтмол харах боломжтой.
- Оюутнууд сургуулийн дотоод мэдээллийн системээр дамжуулан цахим хэлбэрээр 350 гаруй ном, сурах бичиг, судалгааны ажил, хэвлэлийн бүтээгдэхүүнийг уншиж судлах боломжтой.
НССДС-ийн захирлын 2024.01.30-ний өдрийн 01/09 тоот тушаалын
нэгдүгээр хавсралт
НИЙГЭМ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛИЙН
НОМЫН САНГИЙН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн /цаашид НССДС гэнэ/ Номын сан нь багш, судлаачид, оюутан, суралцагчид шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлээр мэдлэг, боловсролоо хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ном сурах бичиг, хэвлэмэл болон цахим мэдээлэл, тогтмол хэвлэлээр үйлчилгээ үзүүлэх нэгж байна.
- НССДС-ийн Номын сан нь Боловсролын ерөнхий хууль, Номын сангийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, стандартыг мөрдөх бөгөөд энэхүү журмаар Номын сангийн үйл ажиллагаа, номын сангаар үйлчлүүлэх, Номын сан уншигч хоорондын харилцааг зохицуулна.
- НССДС-ийн Номын сан нь үйл ажиллагаандаа номын сангийн үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй, шуурхай хүргэх, номын сангийн сан хөмрөгийг тогтмол баяжуулах, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн номын болон мэдээллийн үйлчилгээний олон төрлийн хэлбэрийг бий болгох, хөгжүүлэх зарчмыг баримтлана.
- НССДС-ийн Номын сангийн үйл ажиллагааг захирал удирдлагаар хангаж ажиллана.
- Энэхүү журмыг НССДС-ийн багш, оюутан, суралцагчид, ажилтан ажиллагсад, нийт уншигчид дагаж мөрдөнө.
ХОЁР. НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- НССДС-ийн Номын сан нь уншлагын танхимаар үйлчлэх, гэрээр ном олгох, цахим ном, материалаар үйлчлэх, номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, шинэчлэх, хадгалах, хамгаалах, номын сангийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, лавлагаа, мэдээлэл, ном зүй, каталоги, номын бүрдүүлэлт, ном ажилбар, сэргээн засварлах, хуулбарлан олшруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.
- Номын сангийн үйлчилгээ нь үндсэн болон нэмэлт, үйлчилгээнээс бүрдэх бөгөөд нэмэлт үйлчилгээ /хавсралт/ нь төлбөртэй байна.
- Номын фонд болон мэдээлэл лавлагааг номын сангийн ангиллын дагуу, үсэг дараалал болон төрөл ангийн каталог, сэдэвчилсэн картын санг зохион байгуулж, ерөнхий данс, нэг бүрчилсэн бүртгэл, номын сангийн ажлын өдөр тутмын бүртгэл, лавлагаа болон татгалзлын бүртгэл, номын сан хоорондын ном солилцооны бүртгэл, уншигчийн карт, сурах бичгийн фондын бүртгэл, алдагдсан номын бүртгэл зэрэг бүртгэлийг хөтөлнө.
- Номын санд шинээр хүлээн авсан ном, хэвлэмэл бүтээгдэхүүн, цахим ном, материалыг 14 хоногийн дотор зохих журмын дагуу ангилан дансалж, номын сангийн үндсэн хөрөнгөд бүртгэн, электрон каталогид оруулан, нээлттэй мэдээлж, үйлчилгээнд шуурхай гаргана.
- 3охиогчийн эрх шийдвэрлэгдсэн, цөөн тоотой буюу ховор, дахин хэвлэгдэх боломжгүй хэрэгцээт ном, сурах бичгийг цахим хэлбэрт оруулан уншигчдын хүртээл болгоно.
- Номын сан нь сургуулийн сургалтын үйл явцтай уялдаа холбоотой төлөвлөгөөгөө боловсруулан сургуулийн хичээлийн жилийн төлөвлөгөөнд тусгуулан, гүйцэтгэлийг сургуулийн захиргаанд тайлагнах, холбогдох тайлан, мэдээг зохих хугацаанд нь гаргаж Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
- Номын сангаар үйлчлүүлэх оюутан, суралцагсадад оюутны үнэмлэхээр, багш, ажилтан, гадны хүнд иргэний үнэмлэхээр уншигчийн карт нээж үйлчилнэ.
- Номын сан өдөрт найман цаг ажиллах бөгөөд Номын сангийн үйлчилгээний цагийн хуваарийг захирал батална.
- Номын санд ганц хувь байдаг ном сурах бичиг, ховор ном, гар бичмэл, эрдэм шинжилгээ судалгааны материал, бакалаврын дипломын ажил, толь бичиг, сонин, сэтгүүлийг гэрээр олгохгүй бөгөөд уншигч зөвхөн уншлагын танхимаар авч ашиглана.
- Багшид нэг удаа 1-3 номыг 14 хүртэл хоног, оюутанд нэг удаа 1-3 номыг 1-7 хоногийн хугацаатай гэрээр олгож болох ба өмнө нь авсан номын тооцоог бүрэн дуусгаж дараагийн ном, сурах бичгийг авна. Гэрээр авсан номыг номын санчид тэмдэглүүлэн нэг удаа сунгуулж болно.
- Тухайн авсан номоо хугацаанд нь эргүүлж өгөөгүй тохиолдолд ном тус бүрд 1 хоногт 1500 төгрөгийн төлбөр ноогдуулж уншигчаар төлүүлнэ.
- Номын сангийн журмыг зөрчсөн, гэрээр авсан номын тооцоог хугацаандаа хийгээгүй тохиолдолд уншигчийн үйлчлүүлэх эрхийг 1-3 сар хүртэлх хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авна.
- Төгсөгчдөд номын сангаар үйлчлүүлэх, цахим ном, сурах бичиг материал ашиглах боломжийг үнэ төлбөртэй олгож болно.
ГУРАВ. НОМЫН САНГИЙН ФОНД БҮРДҮҮЛЭЛТ, ТӨСӨВ
- НССДС-ийн Номын сангийн фонд нь үндсэн сурах бичиг болон сургалт, судалгаа эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн ном, сурах бичиг, гарын авлага, ховор ном зохиол, эрдэмтдийн бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, эмхэтгэл, дипломын ажил, тогтмол хэвлэл, лавлагаа, ном зүйн бүртгэл, цахим ном, материал болон хэвлэмэл бүтээгдэхүүн зэргээс бүрдэнэ.
- НССДС-ийн Номын сан нь сургалтын хөтөлбөр, оюутны эрэлт хэрэгцээ, тэнхимийн саналыг үндэслэн ном, сурах бичиг, хэвлэлийн бүтээгдэхүүн худалдан авах бөгөөд ингэхдээ Ном, сурах бичиг, сургалтын материал худалдан авах зааврыг баримтлана.
- Дайн, хүчирхийлэл, түрэмгийлэл, садар самууныг сурталчилсан ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг авахыг хориглоно.
- Тэнхимийн эрхлэгч нь тухайн хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийн дагуу болон суралцагчийн бие даан суралцахад зайлшгүй шаардлагатай ном, сурах бичиг, гарын авлагын судалгааг гаргаж, номын санд тогтмол өгч байна.
- НССДС-ийн Номын сан нь мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлага 5 оюутны дунд 1-2 ном байхаар, ерөнхий эрдмийн ном сурах бичиг, гарын авлага 10 оюутны дунд 1-2 ном байхаар, танин мэдэхүйн нэг номыг 15 ширхэгээс илүүгүй байхаар номын фондоо бүрдүүлнэ.
- Байгууллага, хэвлэлийн газар, хувь хүнээс бэлэглэсэн, хандивласан ном, сурах бичгийг тухайн үеийн зах зээлийн үнийн дүнд дүйцүүлэн үнэлэн, үндсэн хөрөнгөнд бүртгэж, үйлчилгээнд гаргана.
- НССДС-ийн төгсөгчдийн дипломын ажлаас чухал шаардлагатай ажлыг тухайн мэргэжлийн тэнхим хэвлэмэл болон электрон хэлбэрээр Номын санд хүлээлгэн өгнө.
- НССДС-ийн сургалтын төлбөрийн 1-3 хувийг жил бүр номын сангийн фонд бүрдүүлэлтэнд зориулах бөгөөд төсвийг Захирлын зөвлөлөөр хэлэлцэн, захирал батална.
- Номын сангийн фонд бүрдүүлэлтийн төсвийг мэргэжлийн ном, сурах бичиг, хэвлэл авах, цаасан номыг электрон хэлбэрт оруулах, цахим ном, материал худалдан авах, зохиогчийн эрх худалдан авах, ном засварлах зэрэгт зарцуулна.
- Номын сангийн фонд бүрдүүлэлтэд ХЧБА, төсвийн хэрэгжилтэд захирал, нягтлан бодогч хамтран хяналт тавина.
ДӨРӨВ. НОМЫН САНЧИЙН ХҮЛЭЭХ ЭРХ, ҮҮРЭГ
- Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж ажиллах эрх, үүргийг номын санч хүлээнэ.
- Уншигчдад ном олгохдоо хүчин төгөлдөр оюутны үнэмлэх, иргэний үнэмлэхийг үндэслэнэ.
- Ном, хэвлэл олгохдоо уншигчийн цахим картанд бүртгэл, тэмдэглэл хийнэ.
- Гэрээр олгогдсон номыг хугацаандаа буцаан өгч байгаа эсэхэд байнга хяналт тавьж, уншигчдад хугацааг сануулж ажиллана.
- Номын санч гэрээр олгосон номыг хүлээн авахдаа бүрэн бүтэн байдлыг цаг тухайд нь хянаж шалгаж, тэмдэглэнэ.
- Номын санчийн буруугаас ном алдагдвал хариуцлагыг Номын санч өөрөө хүлээнэ.
- Уншигчдад ном хэвлэлийн хэвлэмэл болон цахим бүтээгдэхүүнийг хэрэглэх, цахим каталог ашиглах заавар, лавлагаа, мэдээлэл өгч дадлага эзэмшүүлэх талаар дэмжлэг туслалцаа үзүүлж үйлчилнэ.
- Номын санч нь харилцаа, үйлчилгээний соёлыг баримталж, уншигч үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай, найрсаг, соёлтой үйлчилнэ.
ТАВ. УНШИГЧИЙН ХҮЛЭЭХ ЭРХ, ҮҮРЭГ
- Уншигч нь номын сангийн үйлчилгээ авч буй оюутан суралцагч, багш, ажилтан, ажиллагсад болон бусад гадны хүн, байгууллага байна.
- Уншигч дараах эрх, үүрэгтэй:
- Номын сангийн үндсэн үйлчилгээг үнэ төлбөргүй авах;
- Стандартад нийцсэн, ая тухтай орчинд нөхцөлд үйлчлүүлэх;
- Ганцаарчилсан болон бүлгээр ажиллах боломжоор хангагдах;
- Номын сангаас зохиож байгаа соёл, олон нийтийн ажилд оролцох;
- Номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар санал, гомдол гаргах;
- Номын сангийн дүрэм, журмыг сахиж мөрдөх, номын сангаар соёлтой үйлчлүүлэх, номын санчийн тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэх;
- Номын сангийн үйлчилгээний цагийн хуваарийн дагуу үйлчилгээ авах;
- Ном, хэвлэлийг гэмтээж, үрэгдүүлбэл энэхүү журамд заасны дагуу хохирлыг нөхөн төлөх.
- Уншигчийн дараах үйлдлийг хориглоно:
- Оюутны үнэмлэх болон гэрээр авсан номыг бусдад ашиглуулах, дамжуулах;
- Ном, хэвлэлийн хуудсан дээр бичих, тэмдэглэх, нугалах, зурах, урж гэмтээх;
- Номын санчийн зөвшөөрөлгүй ном авч явах;
- Номын хугацаа хэтрүүлэн ашиглах;
- Номын фонд руу орох;
- Цахим хувилбарт орсон ном сурах бичиг, материалыг хуулбарлан олшруулах;
- Номын сангийн тоног төхөөрөмж, эд хогшлыг эвдэж гэмтээх;
- Гадуур хувцастай орох, бусдад саад болох, утсаар ярих, чанга ярих, тоглох, хүнсний зүйл авч орох;
- Номын санчтай зүй бус харилцах.
ЗУРГАА. НОМЫН САНГИЙН НОМ, ХЭВЛЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ
- Номын фондын ном хэвлэл, хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд 10 хоногийн дотор нөхөн төлж, Номын санг хохиролгүй болгох бөгөөд дараах арга, хэлбэрээр нөхөн төлж болно.
- Ижил номоор төлөх /хэвлэгдсэн он, зохиогч нь тохирсон ба дараагийн онуудад хэвлэгдсэн ном байж болно/;
- Номын ижил хувь олдоогүй бол номын сангийн фонд бүрдүүлэлтэнд шаардлагатай байгаа номын жагсаалтыг үндэслэн 2 ширхэг номоор нөхөн төлөх;
- Ном, материалын төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах /үнийн дүнг 3 нугалж төлөх бөгөөд төлбөрийн мөнгийг санхүүд тушаана/;
- Номын хуудсыг урсан, гэмтээсэн, дутаасан бол тухайн номыг бүрэн бүтэн болгож өгөх.
- Номын төлбөрт хуулбарласан ном болон хэвлэл, бичлэгийн стандарт хангаагүй видео, CD, хэвлэмэл материалыг авахгүй.