ТЭТГЭВРИЙН НАСНЫХАНД СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ИДЭВХТЭЙ АМЬДРАХАД НЬ ТУСАЛНА

Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль, Ахмадын хөдөлмөрийг дэмжих “Насны буян” нэгдсэн холбоо ТББ хамтран ажиллах Санамж бичигт сургуулийн захирал, доктор Ч.Базар, ТББ-ын гүйцэтгэх захирал М.Энхцэцэг нар гарын үсэг зурлаа. Тэд хамтын ажиллагааныхаа гол чиглэлийг тэтгэвэрт гарсан хүмүүсийн сэтгэлзүйг дэмжихэд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлууд руу чиглүүлэх юм.  Сургалт, нөлөөллийн ажлын гол агуулга нь:

  • Өөрийгөө ойлгох болон хүлээн зөвшөөрөх: Тэтгэвэрт гарснаар өөрчлөгдөх амьдралын хэв маягийг ойлгож, өөрийгөө шинэ амьдралд хэрхэн хүлээж авах талаар ярилцах, суралцах;
  • Сэтгэлзүйн дэмжлэг: Өөрчлөлтөөс үүдэн гарч болох стресс, сэтгэл гутрал зэргийг танин мэдэх, тэдгээрийг даван туулах арга замыг зөвлөх, дадуулах;
  • Идэвхтэй амьдрах: Өдөр тутмын амьдралдаа шинэлэг зүйлс оруулж, хобби, шинэ сонирхол хайх болон түүнийгээ хэрэгжүүлэх талаар зөвлөмж өгөх, үйл хэрэг болгоход нь туслах;
  • Өөрийгөө хөгжүүлэх: Сурах, шинэ ур чадвар эзэмших болон өөрийгөө хөгжүүлэх шинэ боломжуудыг эрэлхийлэхийг уриалах, чиглүүлэх;
  • Нийгмийн дэмжлэгийн Сүлжээ: Гэр бүл, найз нөхөд, хамтрагчидтай харилцаа холбоогоо хадгалах ач холбогдлыг тодорхойлох, хэрэгжүүлэх
  • Зорилтот бүлгийн нөхөрлөл: Зорилтод бүлгийн хүмүүс хоорондоо дотно холбоо үүсгэн, бие биетэйгээ мэдээлэл, туршлага солилцоход нөлөөлөх, дадуулах зэрэг болно.

Үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн зорилтот бүлэгт төсөл хөтөлбөрийн хүрээнд  хэрэгжүүлэх бөгөөд ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллана. 

Өнөөдрийн арга хэмжээнд БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч М.Бүрэнтөгс, Ахмадыг хөдөлмөрт дэмжих “Насны буян” нэгдсэн холбооны тэргүүн Г.Атармаа, НССДС-ийн Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч Г.Жавзансүрэн, Сэтгэл судлалын тэнхимийн багш Р.Мөнхцэцэг нар оролцлоо.

Уг төсөл хөтөлбөрийг сургуулийн зүгээс Сэтгэл судлалын тэнхимийн багш, Сэтгэлзүйч, Гэр бүл судлаач Р.Мөнхцэцэг хариуцан хэрэгжүүлэх бөгөөд хоёр тал аль хэдийнэ зорилтот бүлэгтээ сургалтаа явуулаад эхэлжээ.

© 2025 он. Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency