Оюутнууд маань ахмадууддаа сэтгэлийн дэмжлэг үзүүлж, онолын мэдлэгээ практикт хэрэгжүүллээ

Нийгэм, сэтгэл судлалын коллежийн Ц.Энхнаран багштай Эчнээ 1Б ангийн оюутнууд Ахмадын сэтгэл судлал, Харилцааны сэтгэл судлал хичээлийн багш Р.Мөнхцэцэгээр удирдуулан нийгмийн сайн сайхны төлөөх анхны сайн дурын ажлаа ХАЙР ДҮҮРЭН ЗҮРХ-СЭТГЭЛИЙН ХЭЛХЭЭ нэртэйгээр амжилттай зохион байгууллаа.
Оюутнууд маань хичээлээр эзэмшсэн мэдлэг, ур чадвараа амьдрал дээр хэрэгжүүлэхээр хамтрагч байгууллага болох Дорноговь аймгийн Хөдөлмөр Халамжийн Төвийн Харьяа “Говийн бүсийн төрөлжсөн “Төвшин сайхан” ахмадын асрамжийн газар”-ыг зорин ажилласан юм.
Үйл ажиллагааны гол онцлогууд:
• Урлагийн халуун мэндчилгээ: Оюутан Б.Болортуяа морин хуурын аялгуугаар, Г.Дүүрэнбаяр дуу хуураар, О.Хатантуул монгол бүжиг, бие биелгээгээр ахмадуудынхаа сэтгэлийг хөдөлгөж, баярын уур амьсгал бэлэглэлээ.
• “Сэтгэлийн хэлхээ” ганцаарчилсан ярилцлага: Оюутнууд маань тус төвийн 62–93 насны 16 ахмад настантай нэг бүрчлэн уулзаж, “Дурсамж яриулах арга”, “Идэвхтэй сонсох” техникүүдийг ашиглан чин сэтгэлийн яриа өрнүүллээ. Эхэндээ хаалттай байсан ахмадууд маань сэтгэлээ нээж, амьдралын түүх, сургамжаа хуваалцан, нулимс унагаж, ерөөлөө хайрласан нь үнэхээр нандин мөч байв.
• Ажилчдын стресс менежментийг дэмжих хөтөлбөр: Бусдыг халамжилдаг асрамжийн газрын 16 албан хаагчид зориулан Удирдагч багш Р.Мөнхцэцэг “Ахмад настны сэтгэл зүй” сэдэвт мэргэжлийн сургалт орж, оюутан Б.Мандхай “Дуут аяганы бясалгал” удирдан, ажилчдын ажлын байрны стресс, сэтгэл зүйн ачааллыг бууруулахад туслав.
Бодит үр дүн ба ач холбогдол:
Ахмадуудад: Ганцаардал нь буурч, өөрийгөө үнэ цэнтэй гэдгээ мэдрэх сэтгэл санааны маш том эерэг өөрчлөлт гарлаа. Үйл ажиллагааны эхэнд дүнсгэр байсан 88 настай ахмад маань төгсгөлд нь инээмсэглэл тодруулан үдсэн нь ажлын маань үр дүнгийн нэгээхэн хэсэг байлаа.
Ажилчдад: Өдөр тутмын хүнд ажилдаа тулгардаг асуудлуудыг зохицуулах мэргэжлийн зөвлөгөө авч, сэтгэл зүйн хувьд амар амгаланг мэдэрлээ гэцгээж байв.
Оюутнуудад: Хичээлээр үзсэн онолоо бодит орчинд хэрэгжүүлж, эмпати хандлагаа хөгжүүлэн, мэргэжлээрээ бахархах, нийгмийн хариуцлагаа ухамсарлах томоохон хөшүүрэг боллоо.
“Ахмад настнуудад маань хамгийн чухал зүйл бол “ярих, сонсогдох, хамт байх” хэрэгцээ гэдгийг бид бэлхнээ харлаа. Цаашид ч ахмад үеэ хүндэтгэх, тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих иймэрхүү ажлуудыг тогтвортой зохион байгуулах нь нийгэмд асар их тустай юм” хэмээн оюутнууд маань ярьж байсан юм.
Хөтөлбөрийг чиглүүлж, бэлтгэсэн Удирдагч багш Р.Мөнхцэцэг, Ангийн дарга Н.Саруултуяа болон сэтгэл зүрхээ зориулан оролцсон Сэтгэл судлал-Эчнээ 1Б ангийнхан болон халуун дотноор угтан авсан хамтрагч байгууллагын хамт олондоо ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

© 2026 он. Нийгэм, сэтгэл судлалын коллеж. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency