Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд
Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит эрдэм шинжилгээний хурлыг Нийгэм сэтгэл судлалын коллежоос зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ жилийн хувьд нийгмийн сэтгэлзүй, зан төлөв, харилцааны талаархи онол-практикийн хөгжлийг дэмжих, холбогдох асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэх арга замуудыг хайх, олон улсын хэмжээнд мэргэжилтнүүдийн хөгжил, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд” сэдвээр явагдсан бөгөөд БНСУ, БНХАУ, ӨМӨЗО, БНТУ гэх мэт гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд оролцож хурлын үнэ цэнэ, цар хүрээг улам баяжуулсан юм.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүд нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, нийгмийн харилцааны нөлөөлөл болон орчин үеийн технологийн дэвшилд суурилсан цогц асуудлуудыг хөндсөнөөрөө онцлог байлаа.
Судалгаануудын үр дүнд сэтгэл гутрал, түгшүүр, ганцаардал зэрэг сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудад хувь хүний өөрийн үнэлэмж, сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан болон гэр бүлийн харилцаа шийдвэрлэх нөлөөтэй болохыг нотоллоо. Түүнчлэн цэргийн алба хаагчид, оюутан залуус болон өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад үлгэр засал, бясалгал зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй арга, хөтөлбөрийг ашиглах нь үр дүнтэйг судлаачид онцолж байна. Хиймэл оюун ухааны эрин үе дэх ажил мэргэжлийн өөрчлөлт болон ёс зүйн төлөвшлийн асуудлууд нь бодлогын түвшний зохицуулалт шаардаж буйг олон талт судалгааны үр дүнгүүд харууллаа.
Нийт илтгэгчид сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог байгууллага болон гэр бүлийн түвшинд уялдуулан хөгжүүлэх нь нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс болохыг зөвлөв.
Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон нийт эрдэмтэн, судлаачид болон залуу судлаач, багш нартаа баяр хүргэж, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!
2026.05.07