НССДС-ийн төгсөгчид олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо!
2025 оны 5-р сарын 2-3-ны өдрүүдэд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зохион байгуулсан “Driving Societal Advancement Through Interdisciplinary Innovation” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн (НССДС) төгсөгчид амжилттай оролцлоо.

Энэхүү хурал нь хүмүүнлэг, нийгмийн ухаан, байгалийн шинжлэх ухаан, технологийн салбаруудын хоорондын уялдаа холбоог дэмжих, инновацийг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд Монгол, АНУ, БНСУ, Энэтхэг зэрэг 5 орны 200 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон юм.
Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн 4 судалгааны ажил хуралд илгээгдэж, үүнээс 3 нь хоёрдугаар шатанд шалгарсан ба 46 илтгэлд багтан салбар хуралдаанд илтгэгдсэн.
Төгсөгчид маань:
Амьдралын утга учир ба сэтгэл ханамжийн хамаарлын судалгаа (С.Наранцэцэг, Г.Энхболор)

Эх болох гэж буй эмэгтэйчүүдийн түгшүүрийн түвшин (М.Нандин-Эрдэнэ)

PERMA загвараар өөрийгөө хайрлах хандлагыг хөгжүүлэх туршилт (А.Анударь, Б.Баясгалан)

Монголчуудын үнэт зүйлсийн хөрөнгө хуваарилалтад үзүүлэх нөлөө (Ж.Хишигмаа)

сэдвүүдээр судалгааны илтгэл тавьсан бөгөөд оролцогчдын сонирхлыг татсан, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Судалгаанууд нь багш, төгсөгчдийн хамтын ажиллагааны үр дүн байлаа. Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч Г.Жавзансүрэн багш судалгааг илтгэл хэлбэрт оруулах, англи хэл рүү хөрвүүлэх, PPT бэлтгэх, хэлэлцүүлэгт бэлдэх зэрэг олон шатны мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд төгсөгчид өөрсдийн судалгааны үр дүнг англи хэл дээр амжилттай илтгэж, олон улсын тавцанд мэдлэг, ур чадвараа батлан харууллаа.
Багш оюутны хамтын судалгааны үр дүн ийнхүү олон улсын тавцанд амжилттай танилцуулагдаж, Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн нэр хүндийг өндөрт өргөсөн бахархам үйл явдал боллоо.