Өөрийгөө олох хөтөчтэй боллоо
Та өөрөөсөө “Би үнэхээр хүссэнээрээ амьдарч байна уу, эсвэл бусдын хүлээлтэнд нийцэх гэж хичээж явна уу?” гээд асуугаад үзээрэй! Материаллаг байдал, албан тушаал, гаднах амжилтаас үл хамааран “Би амьдралаа утга учиртай өнгөрөөж байна уу?”, “Би өөрийгөө жинхэнэ утгаар нь олж таньсан уу?” гэсэн асуулт хүний амьдралын аль нэг мөчид заавал гарч ирдэг ажээ.
Хүн бүрд авьяас чадвар, асар олон боломж угаасаа өгөгдсөн байдаг. Гэтэл амьдралын явцад “ингэх ёсгүй”, “болохгүй”, “чи ийм л хүн”, “өөр зүйл чадахгүй”, “одоо оройтсон” гэх мэт бодол, итгэл үнэмшилд автаж, өөрийгөө аажмаар хязгаарлан нэг л хайрцагт хийчихдэг байна.
Тиймээс өөрсдийгөө хязгаарласан тэр олон хүлээс, худал итгэл үнэмшлээс чөлөөлөхөд дэм болох зорилгоор Нийгэм сэтгэл судлалын коллежийн эчнээ 2д ангийн төгсөх курсын оюутан Э.Хишигжаргал “Өөрийгөө олох хөтөч-Хайрцгаас гарсан тэмдэглэл” номоо гаргалаа. Нээлтээ хийгээд удаагүй байгаа ч уншигч олноос ихээхэн талархал, урмын үгтэй сэтгэгдэл авч байгаа нь түүнд улам их эрч хүч, урам зоригийг төрүүлж буй тухайгаа хуваалцсан юм.
Тэрээр амьдралынхаа аль нэг үед гацсан мэт санагдаж, дотроо хоосон мэдрэмж тээж яваа, өөрийгөө илүү гүнзгий нээж, өөрт буй авьяас өгөгдлөө танихыг хүссэн ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст өөрийн чадах зүйл, хуримтлуулсан туршлагаараа бодитоор туслахыг зорьж явна.
Нийгэм сэтгэл судлалын коллежийн эчнээ 2д ангийн төгсөх курсын оюутан Э.Хишигжаргалдаа шинэхэн бүтээлээ өлгийдөн авсанд нь баяр хүргэе! Сургуулиа амжилттай төгсөж сэтгэл судлаач мэргэжлээрээ олон хүний сэтгэлд гэгээ цацруулах зорилго нь биелэх болтугай!