“Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд” их семинарт хамтран оролцлоо

Монгол улсын боловсролын их сургуулийн Сэтгэл зүйн үйлчилгээний төвөөс зохион байгуулсан “Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд” мэргэжлийн онол-арга зүйн их семинарт Нийгэм сэтгэл судлалын коллеж хамтран оролцлоо.
Энэ удаагийн их семинарт Монгол, БНСУ, БНХАУ-ын ӨМӨЗО зэрэг орны доктор, профессорууд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл хөдлөл, зан үйл, тоглоомын донтолтыг оношлох арга зүй, түгшүүрийг бууруулахад бясалгалын үр нөлөө, өсвөр үеийнхний дундах, сэтгэц төрх үйлийн тулгамдсан асуудлууд, элсэн тоглоомын засал, хэрэглээний талаарх илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв.
   
Тэдгээрээс товч дурьдвал:
Өсвөр үеийнхэнд шалгалт, бусдын үнэлгээтэй холбоотой түгшүүр, өөрийгөө голох, сэтгэл санааны огцом өөрчлөлт, ганцаардал, ойлгогдохгүй байх, нойрны хямрал, цахим дарамт зэрэг асуудлууд тулгамдаж байна.
СЭМҮТ-д хандаж буй өсвөр үеийнхний талаас дээш хувь нь хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийллийн хохирогчид байдаг байна. ДЭМБ-аас хийсэн судалгаагаар манай орны өсвөр үеийнхэн амиа хорлолтоороо дэлхийд 14-рт бичигдэж байгаа бөгөөд амиа хорлох оролдлогоор охид, харин нас баралтаар хөвгүүд дийлэнх хувийг эзэлдэг гэсэн дүн гарчээ. Үүнд гэр бүл, орчин тойрны нөлөөлөл тэр дундаа бэлгийн хүчирхийлэл гол байр суурийг эзэлдэг байна.
Цахим болон гар утасны хэрэглээ өндөр болсон энэ үед өсвөр үеийнхний 86.4 хувь нь тоглоом ашигладаг ажээ. Өдөрт 8 цагаас их хугацааг тоглоомонд зарцуулж байвал донтолтонд тооцож болох хэдий ч хэд хэдэн шалгуур бүхий оношилгоогоор тодруулснаар сонирхогчоос ялгах ач холбогдолтой байна. Тоглоомын донтолтыг оношлох, зөвлөгөө өгөхөд гэр бүл болон орчин тойрны хүмүүс ихээхэн нөлөөлдөг болохыг судлаач онцолж байсан юм.
Семинарт хэлэлцүүлсэн бас нэгэн илтгэл нь үгэн бус сэтгэл хөдлөл болон сэтгэл зүйн асуудлыг дүрслэл хэлбэрээр илэрхийлдэг элсэн тоглоомын заслын тухай байлаа. Элс болон жижиг хэрэгслээр дамжих тоглоомын хэл нь өөрийгөө удирдах, танин мэдэх үйл явцыг дэмждэг бөгөөд сэтгэл зүйн гэмтэл, эсэргүүцэл өндөртэй үйлчлүүлэгчдэд уян хатан ханддаг онцлогтой арга ажээ.
Сонирхуулахад 2025 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80-р хуралдаанаар Халдварт бус өвчин (NCD) ба сэтгэлзүйн эрүүл мэндийг хамтад нь авч хэлэлцэж, сэтгэлзүйн (mental health) нөхцөл байдлыг халдварт бус өвчний бодлогын хүрээнд авч үзэх, түүнд анхаарах, үйл ажиллагаа явуулах, албан ёсны улс орнуудын дунд төлөвлөгөө, зорилт бүхий тунхаглал гаргасан байна.
2026.01.29
See insights and ads

Boost post
All reactions:

11

Шинэ мэдээ

© 2026 он. Нийгэм, сэтгэл судлалын коллеж. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency