НССК-ийн Багш Р.Мөнхцэцэгээр ахлуулсан баг Энэтхэг улсад суралцаад “Инээх иог”-ийн багшлах эрхтэй боллоо

Энэтхэгийн эмч, Доктор Мадан Катария 1995 оноос үүсгэн хөгжүүлсэн “Инээх иог”-ийн сургалтанд манай сургуулийн сэтгэл судлалын багш Р.Мөнхцэцэг багаа ахлан Д.Отгонбаяр, төгсөгч С.Доржмаа, оюутан Б.Наранцэцэг, Б.Эрдэнэбулган нарын хамт суралцан “Инээх иогийн багш”-ийн албан ёсны эрхтэй болоод ирлээ.

     

Инээх иог гэдэг нь гүн амьсгалын дасгалуудыг зориудаар инээхтэй хослуулсан бие-сэтгэлийн цогц дасгал юм. Доктор Мадан Катария “Эмчилгээнд инээх нь ховор, харин инээхэд эмчилгээ их”, “Инээхэд шалтгаан шаардлагагүй” гэж үзэн инээх олон техникүүдийг гаргажээ. Инээх иогийн үндсэн зарчим нь инээхэд шалтгаан хэрэггүй, бас заавал хошигнол, хөгжилтэй зүйл хэрэггүй, биеийн хөдөлгөөн, нүдний харц, тоглоомын дасгалуудын тусламжтайгаар зориудаар давтамжтай инээх бөгөөд удалгүй тэр инээд нь жинхэнэ инээд болж бусдад халдварладаг гэж үздэг. Мөн инээх нь ганцаараа биш багаараа, хамтдаа инээх нь илүү чухал байдаг байна.

Инээх иогийн ач холбогдол нь сэтгэл зүй, бие махбодын, сэтгэл-биеийн нэгдлийн, нийгмийн гэсэн олон талын ач холбогдолтой.

Сэтгэл зүйн хувьд стресс, түгшүүрийг бууруулах, сэтгэл гутрал, ганцаардлыг багасгах,  сэтгэл санааг өөдрөг болгох, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, эерэг сэтгэлгээ, амьдралын хандлагыг хөгжүүлдэг.

Бие махбодын хувьд цусны эргэлтийг сайжруулах, биеийн хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих, булчинг сулруулж тайвшруулах, зүрх судасны үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ.

Сэтгэл-биеийн нэгдлийн хувьд бясалгал, амьсгал, хөдөлгөөн, тоглоомын элементүүдийг хослуулдаг тул хүний оюун санаа, сэтгэл хөдлөл, бие махбодыг нэгэн зэрэг тэнцвэржүүлэх онцлогтой.

Нийгмийн ач холбогдол нь хүмүүс хоорондын харилцааг сайжруулах, бүлгийн уур амьсгалыг эерэг болгох, итгэлцэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хамт олны уур амьсгалыг эрүүл, дулаан болгодог.

   

Өдгөө 121 оронд салбараа нээгээд анагаах ухаан, сэтгэл судлал, бизнес, боловсролын салбарт үр дүнтэй болох нь нотлогдсоор байгаа “Инээх иог”-ийн 122 дахь орон болгох, албан ёсны сургагч багш нараа бэлтгэх, монголд инээх иогийн ач тусыг таниулах, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Багш Р.Мөнхцэцэг маань ажлаа төлөвлөж байна.

© 2026 он. Нийгэм, сэтгэл судлалын коллеж. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency