Морьт харваа, Үндэсний сур харвааны клуб нээлтээ хийж эхний сургалтаа орлоо
Монгол адууны өв соёлыг танин мэдэх, монголчуудын бахархал болсон өвөг дээдсийн баатарлаг уламжлал тулааны эрдмийг өнөө цагийн залуучуудад ойлгуулан таниулах, зааж сургах, морь унангаа нум сумаар харваж сурах “CSP МОРЬТ ХАРВАА”, Монголын ард түмний соёлын үнэт өв болсон үндэсний сурын харвааны үнэ цэнэ, ач холбогдол, Монгол харваачийн ир, эр зориг, авьяас чадварыг оюутан залууст, таниулан өвлүүлж, харваачийн эрдмийн анхан шатны мэдлэг олгох “CSP СУР ХАРВАА” клуб 2026 оны 4-р сарын 12-ны Ням гарагт Ханмонгол морин сургалтын төвд нээлтээ хийн сургалтын эхний хичээлээ орлоо.
Клубын үйл ажиллагааг Монгол харвааны “Алтан дуулга” зурхай болон “Ханмонгол” морин сургалтын төвтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Морьт харвааны сургалтыг “Ханмонгол” морин сургалтын төвийн захирал, СТА, сургагч багш Ш.Цогтхүү, Үндэсний сур харвааны сургалтыг Буриад сурын Хүйхэрэй мэргэн, үндэсний сурын аймгийн мэргэн, спортын мастер, монгол харвааны “Алтан дуулга” зурхайн багш дасгалжуулагч Ж.Нямдаваа нар орж байна.
Нээлтэнд оролцож анхны хичээлээ үзсэн оюутнууд морьт харваа болон Үндэсний сур харвааны талаар сэтгэгдэл өндөр байсан бөгөөд цаашид анги хамт олноороо хамрагдах нь зүйтэй юм байна гэж ярьцгааж байв.
Клуб нь оюутнуудын дунд судалгаа явуулан тэдний сайн дурын үндсэн дээр явагдаж байгаа бөгөөд эхний хичээлээ үзсэн оюутнуудын сэтгэгдлээс үзэхэд цэвэр агаарт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ажлын ачаалал, стресс ядаргаагаа тайлах хийгээд монгол өв соёлоосоо суралцахад таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн үйл ажиллагаа болсноороо ач холбогдолтой байлаа.
Клубын үүд хаалга оюутнуудад нээлттэй бөгөөд өөрийн хүсэлтээр гишүүнээр элсэх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.
Монгол өв соёлоо судалж суралцан түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нь амжилт хүсье!